Би азын тэнгэрm бат итгэдэг хүн, илүү их хөдөлмөрлөх тусам их аз ивээдгийг би мэдэрсэн.
Томас Жеффeрсон
Тавдугаар лекц:
Ажил хийвэл ам тосдоно
Эдийн засгийн ухаан нь дэлхийн улс орнуудын хөгжил болон нэг улсын доторх хүн амын амьжиргааны түвшин юуны учир ялгаатай байгаа хийгээд үйлдвэрлэгчид яагаад илүү ашиг, орлого олох бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэхийг эрмэлздэг, бүтээгдэхүүнээс сонголт хийхэд хэрэглэгчдэд ямар хүчин зүйлс нөлөөлдөг болохыг ойлгоход тусалдаг.
Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хуваарилах, солилцох, хэрэглэхтэй холбоотой хүмүүсийн хооронд үүсч байгаа харилцааг эдийн засаг гэдэг. Хүний хэрэгцээг хангахын тулд үйлдвэрлэгдсэн үнэ цэнэтэй зүйлс нь бүтээгдэхүүн (бараа, үйлчилгээ) юм. Хүмүүсийн хангагдаагүй хүсэл, шаардлагыг хэрэгцээ гэх бөгөөд энэ нь хязгааргүй их байдаг. Учир нь хүмүүс олон өрөөтэй том байшин, цэцэрлэгт хүрээлэн бүхий эдлэн газар амьдарч, тансаг машин унаж, гоёмсог, ганган хувцас өмсөж, эрүүл хүнс, хоол хэрэглэн, бусдаас илүү боловсрол эзэмшихийг хүсдэг. Гэхдээ энэхүү хэрэгцээг хангах нөөц, бололцоо болох хөрөнгө, орлого нь хязгаарлагдмал шинжтэй. Уг зөрчилдөөнт байдал нь эдийн засгийн ухааны судлагдахууныг бий болгодог. Хүмүүс өөрийн бүх хүслээ гүйцэлдүүлэх боломжгүй шинжийг ховор хомс байдал гэдэг. Ховор хомс байдал нь бидэнд сонголт хийхийг тулгадаг.
Эдийн засгийн ухаан нь ховор, хомс байдлыг шийдэх хувь хүн, бизнес эрхлэгч, засгийн газар, нийгмийн хийх сонголт, уг сонголтод нөлөөлж болох хөшүүрэг, хүчин зүйлсийг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм. Эдийн засгийн ухааныг судалж буй асуудлын цар хүрээгээр нь микро болон макро эдийн засгийн ухаан гэж ангилдаг. Микро эдийн засгийн ухаан нь хувь хүн, бизнес эрхлэгчдийн хийж байгаа сонголт, уг сонголтуудын зах зээл дээрх харилцан үйлчлэл, түүнд нөлөөлөх засгийн газрын нөлөөллийг, харин макро эдийн засгийн ухаан нь дэлхийн болон үндэсний эдийн засгийн хэмжээний асуудлуудыг судалдаг. Жишээлбэл, ямар нэгэн үйлдвэрийн газар бүтээгдэхүүнийхээ үнийг хэдээр тогтоох, тухайн нөхцөлд хэдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал нь микро эдийн засгийн судлагдахуун болдог бол эдийн засгийн өсөлт, бууралт, ажилгүйдэл, инфляцийг бууруулах нь макро эдийн засагт хамрагддаг. Эдийн засгийн ухаан хэмээх шинжлэх ухааны салбар нь XVII-XVIII зууны заагт үүссэн гэж үздэг. Түүний хөгжилд “гүйлгээний хүрээнд баялаг өсч үрждэг” гэж үздэг мерканталист үзэл, “зөвхөн хөдөө аж ахуйн салбарт зарцуулагдаж байгаа хөдөлмөр л бүтээлч шинжтэй” хэмээн номлож байсан физиократ үзэл чухал үүрэг гүйцэтгэсэн бол, 1776 онд хэвлэгдсэн Адам Смитийн “Үндэстнүүдийн баялаг” хэмээх алдарт бүтээл эргэлт гаргасан гэж үздэг.
Эдийн засаг гэх нэршил нь oikos (өрх гэр) ба nomos (хууль буюу дүрэм) гэсэн хоёр үгийн нэгдэл болох “Өрхийн аж ахуйг удирдах” гэсэн Грек үгнээс гаралтай.
Эдийн засгийн ухаан нь
- ямар бүтээгдэхүүнийг (юуг) хэнд зориулж, хэрхэн яаж үйлдвэрлэх вэ ?
- хувийн болон нийгмийн сонирхолд нийцсэн сонголтыг хэзээ хийдэг вэ ?
гэсэн үндсэн хоёр асуултанд хариулт өгдөг.
Нэг дэх асуулттай холбоотой ухагдахуунуудыг авч үзье. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр бидний үйлдвэрлэж, хэрэглэж байгаа зүйлс өөрчлөгдсөөр байна. Тухайлбал одоогоос хорин жилийн өмнө гар утас, интернетийг өнөөгийнх шиг өргөн хүрээнд хэрэглэдэггүй байсан. Иймээс бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нар ирээдүйд хүмүүс юуг хэрэглэх вэ ? гэдгийг тооцоолж, үйлдвэрлэлээ эрхлэх хэрэгтэй болдог.
Бүтээгдэхүүнийг хэрхэн яаж үйлдвэрлэхийг тайлбарлахдаа эдийн засагчид үйлдвэрлэлийн хүчин зүйлс гэж нэрлэгдэх бүтээмжит нөөцүүдийг авч үздэг. Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг дөрөв ангилдаг. Үүнд:
- Газар
- Хөдөлмөр
- Капитал
- Үйлдвэрлэл эрхлэх ур чадвар
багтдаг.
Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд оролцож буй хөрсөн дээрх болон доорх бүх төрлийн баялгийг газар, зарцуулж байгаа цаг хугацаа, хүмүүсийн биеийн болон оюуны хүчин чармайлтыг хөдөлмөр гэдэг. Газар нь аливаа үйлдвэрлэлийн анхдагч нөхцөл агаад, хэмжээг нь нэмэгдүүлэх боломжгүй өвөрмөц хүчин зүйл билээ. Хөдөлмөрийн чанар нь ажлын дадлага туршлага, сургалт, боловсролоор олж авдаг хүмүүсийн ур чадвар, мэдлэгээр тодорхойлогдох хүмүүн капиталаас хамаарна. Харин бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашиглагддаг багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж, барилга байгууламж зэргийг капитал гэдэг бол үйлдвэрлэл эрхлэх ур чадвар нь үйлдвэрлэлийг зохион байгуулахтай холбоотой хүний нөөц юм. Хэнд зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ ? гэдэг нь хүмүүсийн орлогоос хамаардаг. Үйлдвэрлэлийн дээрх хүчин зүйлсийг өрхүүд эзэмших ба газраасаа түрээсийн, хөдөлмөрөөс цалингийн, капиталаас хүү, ноогдол ашгийн, үйлдвэрлэх ур чадвараас урамшууллын орлого олдог.
Хоёр дахь асуултанд хариулахтай холбоотойгоор дараахь ойлголтуудыг мэдэх шаардлагатай болдог. Өдөр бүр хүмүүс юуг, яаж, хэнд зориулж үйлдвэрлэх вэ ? гэдгээс хамааран эдийн засгийн сонголт хийж байдаг. Та хувийн сонирхолдоо нийцүүлж, өөрт хамгийн зөв гэж бодогдсон сонголтоо хийдэг. Нийгмийн ашиг сонирхолд хамгийн сайн нийцсэн сонголтыг нийгмийн сонирхол гэдэг. Хувь хүмүүс өөрийн хувийн сонирхолд нийцүүлэн сонголт хийж байхад эдгээр сонголт нь эргээд нийгмийн сонирхол болох уу гэдэг асуулт гардаг.
Эдийн засгийн шийдвэр гаргалт нь ховор хомс байдлаас үүдэлтэй бөгөөд үүний илрэл нь сонголт юм. Таны хийж буй сонголт бүр ацан сонголттой тулгардаг. Орлого, хөрөнгийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалж, нэг зүйлийг авахын тулд өөр зүйлээс татгалзах шаардлагатай болдог. Үүнийг эдийн засгийн онолд ацан сонголт хэмээн нэрлэдэг.
Юуг гэсэн асуулт хүмүүс орлогоо хэрхэн зарцуулах, засгийн газар татварын орлогоо хэрхэн хуваарилах, бизнес эрхлэгчид юуг үйлдвэрлэхээ сонгох үед, яаж гэсэн асуулт бизнес эрхлэгчид боломжит үйлдвэрлэлийн технологиуд дундаас сонголт хийхэд, хэн гэсэн асуулт нь хувь хүмүүсийн хооронд худалдан авах чадварын хуваарилалтыг өөрчлөхөд үүсдэг. Тухайлбал, засгийн газар баян хүмүүсээс ядуучууд руу орлогыг хуваарилахад тэгш байдал ба үр ашгийн хооронд ацан сонголтонд хийхэд хүрдэг.
Ямар бүтээгдэхүүнийг хэрхэн, хэнд зориулж үйлдвэрлэх вэ ? гэдэг нь цаг хугацааны туршид өөрчлөгддөг бөгөөд бидний эдийн засгийн амьдралын чанарыг сайжралттай холбоотой байдаг. Гэхдээ эдийн засгийн амьдралын чанар болон түвшин сайжрах эсэх нь сонголтуудаас хамаарна. Өнөөгийн хэрэглээ, чөлөөт цагаа эрхэмлэх эсвэл ирээдүйн үйлдвэрлэл, хэрэглээ, чөлөөт цагаа нэмэгдүүлэхийн хооронд бид гурван ацан сонголттой тулгардаг. Хэрэв бид хийхийг хадгалбал илүү их капитал худалдан авч, үйлдвэрлэлээ өсгөж чадна. Хэрэв бид чөлөөт цагаа багасгавал сурч боловсорч, өөрсдийгөө хөгжүүлж, илүү бүтээмжтэй болно. Хэрэв бизнес эрхлэгчид багыг үйлдвэрлэж, нөөцөө шинэ технологийг судлах, хөгжүүлэхэд зарцуулбал, тэд ирээдүйд ихийг үйлдвэрлэж чадна. Эдгээрээс хийсэн сонголт нь эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулж, түүний өсөлтийн хурдыг нэмэгдүүлдэг.
Ацан сонголтой холбоотой өөр нэг ухагдахуун үүсдэг нь алдагдсан боломжийн зардал юм. Ямар нэг сонголтыг хийхийн тулд татгалзсан хувилбаруудаас хамгийн үнэ цэнэтэй хувилбарыг сонгогдсон үйл ажиллагааны алдагдсан боломжийн зардал гэнэ. Хүмүүс өөрсдийн нөөцийг ашиглан, хийсэн зүйлсийнхээ нэмэгдүүлсэн өөрчлөлтийн үр дагаврыг тооцдог. Үйл ажиллагааны нэмэгдүүлсэн өсөлтийг даган бий болсон үр өгөөж нь түүний ахиу үр өгөөж, харин үйл ажиллагааны нэмэгдүүлсэн өсөлтийг даган бий болсон алдагдсан боломжийн зардал нь түүний ахиу зардал юм. Ямар ч үйл ажиллагааны хувьд хэрэв ахиу өгөөж нь ахиу зардлаасаа их бол хүмүүс тухайн үйл ажиллагааг нэмэгдүүлэх хөшүүрэг болно. Хэрэв ахиу зардал нь ахиу өгөөжөөсөө их бол хүмүүс тухайн үйл ажиллагааг багасгах хөгшүүрэг болно. Хөшүүрэг нь тухайн үйл ажиллагааг урамшуулж байгаа шагнал, эсвэл түүнийг мохоож буй шийтгэл болох ба нийгмийн сонирхол болон хувийн сонирхлыг давхцуулах гол түлхүүр юм.
Эдийн засагчид хүний төрлөхийн араншин нь байгалиас заяагдсан бөгөөд хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн төлөө байдаг гэж үздэг. Хувийн ашиг сонирхолоо дагасан үйлдэл нь хувиа хичээсэн үйлдэл байх албагүй. Хэрэв хүний төрөлх араншин нь байгалиас заяагдсан бөгөөд хувийн ашиг сонирхлын төлөө байдаг бол хэрхэн нийгмийн ашиг сонирхлыг бий болгох вэ ? гэсэн асуулт гарна. Эдийн засагчид үүнд хариулахдаа нийгмийн сонирхлын төлөө ажиллах хөшүүргийг бий болгоход институцын үүрэг чухал хэмээн онцолдог. Хүмүүсийн хийж буй үйл хөдлөлийг хязгаарлаж байгаа дүрэм, журам, ёс заншил, дэгийг институц гэдэг. Институц нь албан ба албан бус гэж ангилагдах ба төр, байгууллага, холбоод, нийгэмлэг зэргээс гаргасан дүрэм, журам нь албан институц юм. Харин шашны хийгээд тухайн ард түмний ёс заншилтай холбоотой хязгаарлалтууд нь албан бус институц болдог. Тухайлбал, бидний шүтдэг шашны зарим зан үйл, номлол нь хүмүүсийг үйлдлийг хязгаарладаг. Хувийн өмчийг хамгаалах болон зах зээл дээрх сайн дурын солилцоог дэмжих хууль хувийн болон нийгмийн сонирхлыг нийцүүлэхэд гол үүрэгтэй.
Эдийн засагчид позитив болон норматив гэсэн хоёр үзэл баримтлалд хуваагддаг. Эдийн засгийн субьектүүдийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны өнөөгийн байдлыг баримтаар баталгаажуулан тайлбарлахыг шаарддаг эдийн засагчдыг позитив эдийн засагчид гэдэг бол дээрх зүйлсийг ийм, тийм байх ёстой хэмээн норм, хэм хэмжээнд тулгуурлан авч үздэг тал нь норматив эдийн засагчид юм.
Эдийн засгийн үйл хөдлөл нь маш олон тооны хүчин зүйлээс шалтгаалдаг хүндрэл бэрхшээлээс ойлголтуудын хамаарал, нөлөөллийг хялбар тодорхойлох боломжгүй байдаг. Иймд “бусад зүйлс хэвээрээ байхад” (ceteris paribus) гэсэн таамаглалыг тавьж, бодит байдлыг хийсвэрлэн авч үздэг. Энэхүү хийсвэрлэл нь ойлголтын зарим төөрөгдөл, гажуудлыг үүсгэдэг талтай. Эдийн засгийн онол нь хүмүүсийн хийж буй сонголтууд, эдийн засгийн гүйцэтгэлийн талаарх бидний ойлголтыг нэгтгэн ерөнхийлсөн байдал юм.
Эдийн засгийн хүчин зүйлсийн өөрчлөлт нь тогтвортой бус байдгаас хоёр янзын төөрөгдөлд ордог. Нэгжийн хувьд биелэх чанар нь нийтэд биелэнэ эсвэл нийтийн хувьд биелэх чанар нь нэгжид биелэнэ гэсэн худал мэдээллийг бүрэлдэхүүний төөрөгдөл гэх ба нэг дэх үйл явц бий болсны учраас хоёр дахь нь бий болох ёстой гэсэн худал мэдээллийг учир шалтгааны төөрөгдөл гэдэг.
Эдийн засгийн харилцаанд оролцогч субьектүүд, тэдгээрийн хоорондын харилцаа ямар механизмаар дамжин хэрэгждэг талаар авч үзэе. Эдийн засгийн харилцаанд оролцогч хүмүүсийг тэдгээрийн ашиг сонирхол, харилцааг үүсгэгч хүчин зүйлс, арга, хэрэгсэл зэргээс хамааруулан дөрвөн үндсэн бүлэгт хуваадаг ба хүмүүсийн эдгээр бүлгүүдийг эдийн засгийн субьектүүд гэдэг. Үүнд:
- Өрх
- Пүүс
- Төр
- Гадаад сектор
гэсэн субьектүүд багтдаг.
Өрхийг хэрэглэгч, пүүсийг үйлдвэрлэгч, төрийг эдийн засгийн харилцааг зохицуулагч гэж авч үздэг ба тухайн улсын эдийн засгийн субьектүүд гадаад бусад орнуудын субьектүүдтэй харилцаанд ордог эдийн засгийг нээлттэй эдийн засаг гэдэг. Онолын хувьд анхлан судлаачдад цэгцтэй ойлголт өгөх зорилгоор улс орнуудыг хоорондоо эдийн засгийн харилцаанд ордоггүй гэж хийсвэрлэн, хялбаршуулсан загвар байгуулдаг ба энэхүү хийсвэр эдийн засгийн тогтолцоог хаалттай эдийн засаг хэмээдэг. Хүмүүс хаалттай эдийн засаг 21-р зуунд байхгүй гэж маргах талтай ч, дэлхийн эдийн засгийг нэг тогтолцоо гэж үзвэл хаалттай эдийн засаг болно. Нээлттэй эдийн засагт бусад улс орнуудын эдийн засгийн субьектүүдийг нийтэд нь гадаад сектор хэмээн үздэг.
Пүүс нь эдийн засгийн хүчин зүйлсийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийгмийн хязгааргүй өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах замаар ашиг олдог, бие даан шийдвэр гаргах чадвартай эдийн засгийн субьект юм. Харин өрхүүд нь газар, хөдөлмөр, капитал, үйлдвэрлэл эрхлэх ур чадварыг эзэмшдэг, эдгээрийг зах зээлд нийлүүлж, пүүсүүдэд зарах замаар орлого олж, түүгээрээ пүүсээс бүтээгдэхүүн худалдан авч, ханамжаа хамгийн их байхаар хэрэгцээгээ хангадаг, бие даан шийдвэр гаргах чадвар бүхий эдийн засгийн харилцааны үндсэн субьектийн нэг юм.
Пүүс, өрх нь эдийн засгийн үндсэн суурь субьектүүд бөгөөд эдгээр нь захуудаар дамжин эдийн засгийн харилцаанд ордог. Бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хүчин зүйлс, санхүүгийн хэрэгслүүдийг худалдан авах болон худалдах үйл ажиллагаа явагдаж буй талбарыг зах гэдэг. Захыг ямар бүтээгдэхүүнийг арилжаалж, солилцож байгаагаар нь бүтээгдэхүүний, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн, санхүүгийн гэх зэргээр ерөнхийлөн ангилдаг. Зөвхөн хэрэглээний бараа, үйлчилгээг борлуулж буй захыг бүтээгдэхүүний, газар, хөдөлмөр, капитал зэргийг солилцож буй захыг үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн зах гэх ба санхүүгийн хэрэгслийн худалдаалж буй захыг санхүүгийн зах гэнэ. Эдгээр нь ерөнхий ангилал бөгөөд тухайлсан бүтээгдэхүүн, хүчин зүйлээс нь хамааруулан барааны зах, үйлчилгээний зах, хөдөлмөрийн зах гэх мэтчилэн нарийвчлан ангилдаг. Энэ утгаар авч үзвэл дэлгүүр ч зах, ресторан, бар ч зах, сургууль ч зах, банк ч зах болно. Эдгээр нь юуг борлуулж байгаагаараа л ялгаатай боловч, эдийн засгийн харилцааны мөн чанарын хувьд нэгэн ижил билээ. Ямар нэг хүнсний дэлгүүрт арилжаа явагдахад түүнд энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн пүүс, түүнийг төлөөлсөн худалдааны төлөөлөгч буюу дэлгүүрийн эзэн, худалдагч, нөгөө талаас худалдан авах гэж буй өрхийн гишүүн буюу хэрэглэгч гэсэн эдийн засгийн хоёр субьект харилцаанд оролцоно. Сургууль нь боловсролын үйлчилгээ үзүүлж буй зах бөгөөд түүнд боловсролын үйлчилгээг үзүүлж байгаа сургууль, түүний төлөөлөл болох багш, нөгөө талаас үйлчилгээ авч байгаа өрхийн гишүүн сурагч, тэдгээрийн эцэг, эх эдийн засгийн харилцаанд ордог.
Захуудад дор хаяж эдийн засгийн хоёр субьект өөр, өөрийн ашиг сонирхлын үүднээс харилцан ашиг тустай байдлаар оролцдог. Нэг субьект нь худалдан авагч, нөгөөх нь худалдагч тал болно. Худалдан авагч тал чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг аль болох хямд авахыг эрмэлзэж байдаг бол худалдагч тал бүтээгдэхүүн, хүчин зүйлсээ аль болох үнэтэй борлуулж, их орлого, ашиг олохыг эрмэлзэж байдаг. Бүтээгдэхүүнийг өндөр үнэтэй зарж, илүү их ашиг олох гэсэн худалдагчийн сонирхлыг, хямд авах гэсэн худалдан авагч талын сонирхол, боломж нь хязгаарлаж байдаг. Ер нь энэ хоёр талт сонирхол л зах зээлийн гэх тэнцвэрийг үүсгэх үндсийн үндэс болдог билээ.
Бүтээгдэхүүний захад пүүс бараа, үйлчилгээг нийлүүлэх ба харин өрх түүнийг худалдан авагч байдлаар эдийн засгийн харилцаанд оролцдог бол үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн буюу нөөцийн зах дээр газар, хөдөлмөр, капитал, ур чадварыг өрх нийлүүлж, пүүс худалдан авдаг. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний болон хүчин зүйлсийн захаар дамжин өрх, пүүсүүд эдийн засгийн бие биетэйгээ нөлөөлөгч харилцаанд ордог. Гэхдээ зах бүрт өөр, өөрийн ашиг сонирхлоор оролцдогийг дээр тайлбарласан билээ.
Зах дээр хэн нэгэн худалдан авагч, худалдагч талдаа хариу үйлдэл болгож төлбөр төлдөг. Тухайлбал бүтээгдэхүүний захаас өрх ямар нэгэн бараа, үйлчилгээг худалдан авахдаа түүний үнийг худалдагч талд төлж, зардал гаргадаг бол энэ үнэ нь пүүсийн хувьд орлого болно. Хүчин зүйлийн захаас пүүс хөдөлмөр худалдан авахдаа түүнд төлбөр болгож цалин өгөх ба энэ нь пүүсийн хувьд зардал болж гарна. Харин хөдөлмөрөө худалдсан өрхийн хувьд цалин нь өрхийн орлого юм. Хэр их хөдөлмөрлөнө төдий чинээ цалингийн орлого олох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл “ажил хийвэл ам тосдох”-ын учир энэ буй заа. Ийм байдлаар эдийн засгийн субьектүүд бие, биенээсээ хамааралтай, нягт шүтэлцсэн харилцаанд оршдог билээ.
Энэ зурагт хаалттай эдийн засагт өрхүүд, пүүсүүд, төр гэсэн гурван субьект, гурван захаар дамжин хэрхэн эдийн засгийн харилцаанд ордгийг дүрслэв. Үргэлжилсэн шугамаар бодит бараа, материал, эдийн засгийн нөөцийн урсгалыг, тасархай шугамаар мөнгөн урсгалыг харуулав.
Төр нь пүүс болон өрхүүдийн эдийн засгийн харилцаанд орох явцад бие, биенээ хохироосон, эрх ашгийг нь хөндсөн үйлдэл хийх, харилцааг гацаанд оруулах аливаа үйлээс оролцогчдыг хамгаалах, хувийн сонирхлыг нийтийн сонирхолтой нийцүүлэх зорилгоор харилцаанд оролцож, зохицуулагчийн үүргийг гүйцэтгэдэг.
Төр захууд дээр явагдаж буй харилцааны явцад хяналт тавьж, оролцогчдын эрх ашгийг хамгаалсны төлөөсөнд пүүс болон өрхөөс татвар авч өөрийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг. Төр үүргээ гүйцэтгэхдээ харилцаанд оролцогчдын дотоод үйл ажиллагаанд шууд хөндлөнгөөс холилдон оролцохоос аль болох зайлсхийж, тэдэнд боломж олгох, эрх ашгийг хамгаалах, зах зээлийн үйл ажиллагааг үр ашигтай байлгах зарчмыг баримтлах ёстой.
Тухайн улсын хувьд нэг жилийн турш үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүний өртгөөр илэрхийлсэн хэмжээг тухайн улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ) гэдэг. ДНБ нь тус улсын эдийн засгийн хүчин чадал, баялаг бүтээх чадамж, иргэдийн нь амжиргааны түвшинг тодорхой хэмжээнд илэрхийлдэг үзүүлэлт юм. ДНБ-ийг хоёр аргаар тооцоолдог. Нэгд, эдийн засгийн субьектүүдийн бүтээгдэхүүн худалдан авахад гаргасан зардлаар нь тооцно. Жилийн туршид пүүсүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс өрхүүд хувийн хэрэглээндээ, пүүс, компаниуд өөртөө хөрөнгө оруулалтандаа, төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах хэрэгцээндээ худалдан авдаг. Эндээс
ДНБ=Өрхийн хувийн хэрэглээ+Пүүсийн хөрөнгө оруулалт+
+Засгийн газрын хэрэглээ=Нийт зардал
гэсэн тэнцэл биелдэг.
Нөгөө талаас эдийн засгийн субьектүүд эдгээр бүтээгдэхүүнийг худалдан авахын тулд орлого олдог. Өрхүүд өөрийн эзэмшлийн хөдөлмөр, газар, капиталаа пүүсийн үйлдвэрлэлд хэрэглүүлсний хариуд цалин, хүү, түрээс, ноогдол ашиг, өмчийн орлого олдог бол засгийн газар буюу төр эдийн засгийн зохицуулалтыг хийсний хариуд татварын орлогыг олдог. Пүүс хөрөнгө оруулалтын бараа худалдан авахдаа өрхийн хуримтуулсан мөнгийг зээлж санхүүжүүлдэг. Тиймээс ДНБ-ийг худалдан авах шаардлагатай орлогын хэмжээ мөн ДНБ-тэй тэнцүү байдаг.
ДНБ=Цалин+Хүү+Түрээс+Ноогдол+Өмчийн орлого+Татвар=Нийт орлого
Дээрх хоёр тэнцэлээс НИЙТ ОРЛОГО=НИЙТ ЗАРДАЛ гэсэн хоёр талт зарчим урган гардаг.
Тавдугаар лекц