Эрхэм баян эрдэм дунд сургууль



СЭЗИС-ийн харьяа “Эрхэм баян эрдэм” бүрэн дунд сургуулийн багш, хамт олны өмнөөс та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!

Манай сургууль нь 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 7 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Одоогийн байдлаар 1-10 дугаар ангийн нийт 223 сурагч, 24 багш, 11 бүлэгтэй 1 ээлжээр СЭЗИС-ийн А байрны өргөтгөлд хичээллэж байгаа юм.

“Эрхэм баян эрдэм” хэмээх нэрэнд манай сургуулийн зорилго, чиглэл цогцоороо багтсан бөгөөд судлаачдын үзэж байгаагаар мэдлэг нь орчлон ертөнцийг бүтээх, хувиргах хүч байдаг бол, эрдэм нь орчлон ертөнцийг эзэмших чадвар билээ. Эрдэм номтой хүн энэ орчлон ертөнцийн ил далд бүхий л учрыг таньж, буруу зөвийг ялгаж салгах чадварыг эзэмшиж, тэр хэрээрээ бүрэн төлөвшсөн бие хүн болон өсөж хөгждөг.



Бид 5 тэргүүлэх багш, 3 заах аргач, 10 магистр, 2 докторант, 3 магистрант багш бүхий чадварлаг баг хамт олонтойгоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд “Дэлхийн хичээлийн судалгааны нийгэмлэг”-ээс Голланд улсын Амстердам хотод зохион байгуулагдсан “Хичээлийн судалгааны олон улсын хурал”-д эх орноо төлөөлөн оролцохоор шалгарч илтгэлээ амжилттай хэлэлцүүлэн ирсэн билээ. Мөн дүүрэг, нийслэлийн ур чадварын уралдаанд оролцож, амжилт гаргасаар байна.

Манай сургалтын онцлог хүүхдийг бүх талаар тэгш хөгжүүлэх үүднээс зөвхөн онц сурдаг, өөртөө зориулсан мэдлэгтэй хувь хүн бий болгохоос илүүтэй сурсан мэдсэнээ бусдын сайн сайхны төлөө зориулж чаддаг зөв бие хүн бий болгохыг хичээл болон хичээлээс гадуурх үйл ажиллагаандаа мөрдлөг болгон бүх судлагдахуунаа 30 хувийн баяжилтай зохион байгуулдаг билээ. Үүний зэрэгцээ хичээлүүдээ онолын мэдлэгт тулгуурлахын зэрэгцээ, хэрэглээнд оруулах сонирхолтой арга хэлбэрүүдийг багтаан хэрэгжүүлж байна.

Мөн сурагчид 3-р ангиас эхлэн англи хэлийг 7 хоногт 6 цагаар, мөн нэмэлтээр 6-р ангиас япон, солонгос, хятад хэлний хичээлийг сонгон судалдаг нь өөрийн ирээдүйн мэргэжилд хэрэглэгдэхүйц чөлөөт сонголт болдгоороо давуу юм.

Хичээлийн дараа 14 төрлийн дугуйлан секцийг сонгож урлаг, уран сайхан, гоо зүй, бие бялдар, сэтгэхүй, хувь хүний хөгжил талаасаа өөрийгөө нээн хөгжүүлэх боломжтой. Энэ хичээлийн жилд урлаг, спорт, уншлага, туршилт дадлага, сургалтын зэрэг олон зориулалтын танхимыг “Монгол боловсролын уламжлан шинэчлэгдэх төв” болгон ашиглалтад оруулаад байна. Уг танхимын үйл ажиллагаа, сургалтыг Соёлын Яам, Банк санхүүгийн академи, СЭЗИС, Багшийн туслах ХХК, Хасгэрэл цэцэрлэг дэмжин, хамтран зохион байгуулна.

2020-2021 оны хичээлийн жилээс ахлах ангидаа виртуал-хосолмол сургалтын хөтөлбөрийг туршин хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үндсэн агуулгаас гадна олон төрлийн нэмэлт ур чадваруудыг олгох хөтөлбөр багтаж байгаа юм. Үүний нэг жишээ: танхимын сургалтад баригдалгүйгээр бодит орчинд дадлага хийх, турших, аялах, зуны сургуульд хамрагдан монгол ахуйтай танилцах, тооцоолол хийж сурах, мэдлэгийг чадамж болгон хувиргах арга ухаанд суралцах, нийгмийн сайн үйлсийн аянд хамрагдах зэрэг олон талын сургалтад хамрагдах болно. Үүгээрээ ерөнхий боловсролын суурь гэрчилгээгээ авахдаа гадны сургуулийн нийгэмд тустай үйл хийх гэсэн чухал шаардлагын нэгийг хангах боломжтой болох юм.



Тус сургуулийн сурагчдын 2015- 2016 оны хичээлийн жил гарснаас хойшхи оролцсон тэмцээн уралдааны үзүүлэлтүүд :

“Зуун билиг” сургуулийн нэрэмжит англи хэлний олимпиадаас
Сурагч Амжилт
5а ангийн сурагч Г.Нинжин Алтан медаль
5а ангийн сурагч Б. Төгөлдөр Алтан медаль
“Зуун билиг” сургуулийн нэрэмжит математикийн олимпиадаас
Сурагч Амжилт
2а ангийн сурагч С.Энэрэл Хүрэл медаль
31-р сургуулийн нэрэмжит математикийн олимпиадаас
Сурагч Амжилт
1а ангийн сурагч С. Хашбаярт Хүрэл медаль



Холбоо барих

Эрхэм баян эрдэм дунд сургууль
Хаяг: СЭЗИС А байр 1 давхар
И-мэйл: erhembyanerdem@gmail.com

Хасгэрэл цэцэрлэг



СЭЗИС-ийн харьяа “Хасгэрэл” цэцэрлэг нь 2014-2015 оны хичээлийн жилээс үйл ажиллагаагаа эхэлж, багш, ажилчид болон оюутнуудын хүүхдүүд голчлон хөнгөлөлттэйгээр хамрагдан хүмүүжиж байна. Бид 2-5 насны хүүхдийн хэл яриа, сэтгэхүй, бие бялдар, ой тогтоолтыг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр бүхий сургуулийн өмнөх боловсрол олгох сургалтын байгууллага юм.

Тус цэцэрлэг нь 60-70 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд ахлах, дунд, бага бүлэг, гал тогоо, хүнсний агуулах, ариун цэврийн өрөө, эрхлэгч багш нарын өрөө бүхий зохион байгуулалттай. Нийт 3 багш, 3 туслах багш, эрхлэгч, тогооч, эмч, нярав, нягтлан бодогч гэсэн бүрэлдэхүүнтэй, 60-аад хүүхэдтэй ажиллаж байна. Мэргэжлийн 3-н багшийн 2 нь магистр зэрэгтэй, 1 нь магистрт суралцаж байна.

Нэмж эцэг эхийн хүсэлтээр шатарын дугуйлан, бага сургуулийн 1, 2-р ангийн сурагчдийн өдөр өнжүүлэх бүлэг хичээллэж байна. Бидний эрхэм зорилго бол хүүхдүүдээ зөв дадал хэвшилтэй, эв эеийг хичээсэн, шударга, ариун хандлагатай монгол иргэн болгож хүмүүжүүлэх.

“Хасгэрэл” нэрний утга учир:
Хасгэрэл нь орчлон ертөнцийг үүсгэгч хурц тод гэрлэн тоосонцор юм. Монголчууд бид орчлон ертөнц, од эрхэсийг хас төлөв байдалтай тасралтгүй мөнх эргэлддэг хэмээн үздэг ба хас нь мөнх хөх тэнгэрийн оньс, бат бэхийн, мөнхийн хөдөлгөөний, саруул ухаан, сүр жавхлангийн бэлгэдэл билээ. Иймээс бид өөрсдийн амьдарлын үргэлжлэл, бяцхан үрсийнхээ өсөж хөгжих өргөөг агуу утгаар нь бэлгэдэж “ХАСГЭРЭЛ” хэмээн нэрлэсэн учиртай.

Хамт олон

Нэр Албан тушаал
Б.Алтантуяа /докторант/ Хасгэрэл цэцэрлэгийн эрхлэгч
Б. Давааням/МА/ Багш
Т.Ганцэцэг/МА/ Багш
Л.Отгонбат/ Магистрант/ Багш
П.Наранцацрал/МА/ Багш
Ү.Долгорсүрэн Тогооч
П. Пүрэвмаа Туслах багш
Б.Алтанцэцэг Туслах багш
Д. Буджаргал Туслах багш

Холбоо барих:

Хаяг: СЭЗИС А байр 1 давхар