Санхүү эдийн засгийн их сургууль

СЭЗИС нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төвд орших ууган сургуулиудын нэг юм. Анх 1924 онд Гаалийн түр сургууль нэртэй байгуулагдсанаас хойш улс орныхоо хэрэгцээ шаардлагын дагуу нягтлан бодох бүртгэл, банк, санхүү, татвар, даатгалын тогтолцоог буй болгож хөгжүүлэх явцдаа 1935 онд Санхүү, нягтлан бодох техникумын сургууль, 1946 онд Санхүү эдийн засгийн техникум, 1991 онд Эдийн засгийн коллеж, 1996 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль нэртэйгээр өргөжин шинэчлэгдэж ирсэн билээ.

СЭЗИС нь байгуулагдсан 90 гаруй жилийн хугацаанд сургуулийнхаа материаллаг баазыг шинэчилж, бүтээж, бэхжүүлэн, сургалтын таатай орчныг бүрдүүлэн шинэ шинэ мэргэжил, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Их сургууль болох үйлсийг алсын хараа, холыг зорьсон төлөвлөгөөтэй ажиллаж ирсэн.

СЭЗИС нь БНСУ, БНХАУ, АНУ, Тайван, Их Британи, ОХУ зэрэг гадаад орны их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд 2+2 хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлдэг.

Түүхэн замнал

Он Үйл явдлын товчоон
1924 Гаалийн түр сургууль байгуулагдав.
1926 Сурах хугацааг 2 жил болгон сунгаж заах хичээл, сурагчдын тоог олшруулан сургалтын төлөвлөгөө, програмыг шинэчлэн Нягтлан бодохын түр сургууль болгон өөрчлөв.
1935 Улс ардын аж ахуйн бүтэц өөрчлөгдөн, шинэ шинэ салбарууд бий болсон нь бүртгэл тооцооны мэргэжилтэй боловсон хүчнийг улам ихээр шаардах болсоноор Санхүүгийн техникум болон өргөжсөн.
1936 Сангийн сайд С.Довчингийн нэрэмжит сургууль болсон.
1946 Санхүүгийн техникумыг Санхүү эдийн засгийн техникум болгон өөрчилж, суралцах хугацааг 3 жил болгожээ.
1949 “Нягтлан бодохын үндэс“ анхны сурах бичигийг Зөвлөлтийн мэргэжилтэн А.А.Юрков болон багш Ч.Түмэн нар гаргажээ.
1967 Аж үйлдвэр, төсвийн нягтлан бодогч нарыг бэлдэх оройн салбар нээгдэв.
1971 Хөдөө аж ахуйн нягтлан бодогч нарыг бэлдэх эчнээ салбар нээгдэв.
1991 БНМАУ-ын Засгийн газрын тогтоол, Ардын боловсролын яамны тушаалаар эдийн засгийн өргөн мэдлэг, чадвартай нягтлан бодогч, татварын байцаагч, брокер, диллер зэрэг мэргэжилтэн бэлдэх Санхүү эдийн засгийн коллежийг Санхүү эдийн засгийн техникумын материаллаг бааз, боловсон хүчинд суурилан Эдийн засгийн коллежийг байгуулжээ.
1996 У-ын Гэгээрлийн яамны сайдын тушаалаар Эдийн засгийн коллежийг өргөтгөн Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль болгон зохион байгуулав.
2000 Дээд боловсролын магадлан итгэмжлэлийг зөвлөлөөр бүх гишүүдийн 100% саналаар СЭЗДС магадлан итгэмжлэгдсэн.
2005 Монгол улсад анх удаа байгууллага болон сургалтын хөтөлбөрүүд нь магадлан итгэмжлэгдсэн дээд сургууль болсон.
2008 АНУ-ын Дээд Боловсролын Чанарын баталгааг хэрэгжүүлэгч байгууллага болох ACBSP /Олон Улсын Бизнесийн сургууль, Хөтөлбөрүүдийн Магадлан Итгэмжлэх Зөвлөл/ гишүүнээр элссэн.
2012 Олон Улсын магадлан итгэмжлэл хийлгэв /ACBSP/
2014 СЭЗДС нь сургуулийнхаа 90 жилйин ойг тэмдэглэн өнгөрүүлж олон арга хэмжээ, сургалт, эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулсан.
2015 9 орны 18 Их дээд сургуулиудтай хамтран “Цахим Ухаалаг Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч их дээд сургуулиудын олон улсын ассоциаци”-ийг байгуулах хүрээнд Улаанбаатар хотноо гарын үсэг зурах ажиллагааг зохион байгуулсан.
2015 2015 онд Санхүү эдийн засгийн их сургууль нь Их сургуулийн статусаа авсан.