Бүгд Найрамдах Буриад Улсын Дээд боловсролын сургалтын 5 байгууллагыг нэгтгэсэн хүрэлцэн ирж хамтын ажиллагаа өргөжүүлэн бэхжүүлэх талаар ярилцав.

2022/04/28

Бүгд Найрамдах Буриад Улсын Дээд боловсролын сургалтын 5 байгууллагыг нэгтгэсэн Ректорын Зөвлөл Монгол улсад анхны айлчлал хийж хөтөлбөрийнхээ хүрээнд өчигдөр буюу 2022.04.26-ны өдөр СЭЗИС-д хүрэлцэн ирж хамтын ажиллагаа өргөжүүлэн бэхжүүлэх талаар ярилцав.

Тус уулзалтанд СЭЗИС-ийг төлөөлж Ахисан түвшний судалгаа, сургалт хариуцсан проректор Ж.Батхуяг, Платформ түншлэл хариуцсан проректор Д.Анхтуяа, Евразийн хамтын ажиллагаа хариуцсан дарга Имидеева Ирина Владимировна, Буриад улсын их сургуулиудын ректорын зөвлөлийг төлөөлж Дорж Банзаровын нэрэмжит Буриадын Улсын Их Сургуулийн ректор Дамдинов Алдар Валерьевич, Дижиталчлал хариуцсан проректор Архипов Сергей Валерьевич, Сибирь-Дорно дахины удирдлага, технологийн улсын их сургуулийн ректорын үүрэг гүйцэтгэгч Сизов Игорь Геннадьевич, Сибирь-Дорно дахины соёлын дээд сургуулийн ректор Перова Елена Юрьевна, ОХУ-ын ЭСЯ-ны атташе Латышева Надежда Юрьевна нар оролцлоо.

Буриадын Улсын Их Сургуулиудын ректорын зөвлөлийн зүгээс гадаад оюутан залууст оросын боловсролыг олгох бодлогын хүрээнд ОХУ-ын Засгийн газраас монгол хүүхэд залуучуудад нэг жилд олгох тэтгэлэгийн квотыг нэмж 700-д хүргэх болж байгааг дурдаад СЭЗИС-тай сургалт, судалгаа, төсөл хэрэгжүүлэх зэрэг бүхий л чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Хамтарсан хөтөлбөр, багш, оюутан солилцоо, мэргэжил дээшлүүлэх, ур чадвар хөгжүүлэх богино хугацааны сургалтуудыг хэрэгжүүлэхээс гадна байгалийн ухаан, мэдээллийн технологи, дижиталчлал, боловсролын аялал жуулчлал болон бусад салбарт энтрепренер сэтгэлгээтэй, практик ач холбогдолтой, багш оюутнуудыг хамарсан хамтарсан судалгаа шинжилгээ хийх, төсөл хэрэгжүүлэх, эцсийн бүтээгдэхүүн гаргах зэргээр бүс нутгийн эдийн засгийн өсөлт хөгжилд хамтын хувь нэмрээ оруулах хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэв.